Friday, August 12, 2022

Буйдхан газар 3 жил

Шведэд нүүж ирээд нэгэн буйдхан газар 3 жил амьдарсан юм. Тэр газар болж өнгөрсөн зарим үйл явдал дурсамжнаас ерөөсөө гардаггүй зарим хэсгийг нь бичиж үлдээмээр санагдлаа. Эхнэр, хүүхэд ирэх гээд томхон талбайтай амьдрах газар хайж байсан болохоор би оюутны байрнаас тийшээ нүүж байсан юм.

Манай хөршүүдийн нэг нь хоёр ази охинтой гэр бүл байдаг байв. Хараажаар хоёр шар толгойтой хүнээс яаж хоёр ази охин гарах вэ дээ, үрчилж авсан нь ойлгомжтой. Насны зөрүү нь ойролцоогоор 6 орчим жил байсан болов уу. Шинэ газар нүүж очсоных, би охиноо дагуулаад ой далайн эргээр их зугаална. Харин нэг өдөр нөгөө гэр бүлийнхэн надтай тааралдаад "Сайн байна уу? Та хятадаар ярьдаг уу? Манай охинд заагаад өгөөч" гэх нь тэр, миний мэддэг ч гэж юу байхав, дургүйцэж өссөн хүн. Гэхдээ л тэдний талаас үнэхээр асуудал юу байгаа нь шууд ойлгогдоно. Хүүхдүүд үрчлэгдэж ирсэн, харин өөрсдийн хаанаас ирсэн хэлээ мэдэхгүй хүүхдүүд. Би ч хэл зааж дөнгөхгүйэ мэдэхгүй гээд л өнгөрсөн. Гэсэн хэдий ч тэр хавьдаа ганц хар үстэй охидуудтай айл байсан болохоор манай охинд их ойр санагдсан байх, үргэлж ТЭР эгчээ гэж дууддаг. Тэдний охидууд хятад хэлийг эсвэл тооцвол айхтар өсч торнисон хүүхдүүд. Хөлбөмбөгөөр хичээллэнэ, далайд каяакаар аялна, загасчилна, сургууль дээрээ нэр хүндтэй гээд ярих юм биш. Энэ бүхэнд сургасан эцэг эхийн хичээл зүтгэл маш их харагддаг байв. Нэг өдөр манай хаалгыг тогшиж ирээд хүүхдэд нь дээл нь багадсан гээд хятад хантааз өгч байсан. Бодвол хөрш орнууд болохоор соёлын хувьд ойролцоо л гэж бодсон байх. Тэдний том охин нь энэ жил ахлах сургуулиа төгсөж буй, аав ээж хоёр жолоо зааж өгөөд дадлагын машинд өдөр бүр явуулдаг байсан санагдана. Сургуулиа төгсөхөөр нь хот газар луу явуулаад тусдаа гаргана гэсэн. Өдийд аав ээжийнхээ гараас гараад амьдралын зах зухаас суралцаад явж байгаа болов уу. Юутай ч ардаас нь санаа зовохоор өсгөөгүй, мундаг хүүхэд. Хүүхэд өсгөх тал дээр бидний дорнын амьдралаас эрс өөр нь мэдэгддэг. Хэрэгтэй бүх зүйлсийг нь зааж өгөөд цаг нь болохоор үүрнээс  хүчээр нисгэж хөөдөг шувуу шиг...

Өөр нэгэн хөрш. Яг манай гудам руу эргэдэг уулзвар дээр Улф гэдэг нэртэй хөгшин амьдардаг байв. Улф гэж хуучны швед хэлээр бол чоно гэсэн үг. Хөгшин гэртээ ганцаараа жижигхэн байшинд амьдардаг, хүүхдүүд нь тусдаа гарцгаасан. Уулзвар дээр манай гудамны шуудангийн хайрцаг байдаг, би дөнгөж нүүж очсон болохоор аль нь манай хайрцаг гэдгийг мэдэхгүй. Тэнд зарим өөрийн бус хайрцгийг нээж үзсэн шигээ байж байтал өвгөн гэрээсээ гарч ирээд аминчхан ярьж байж билээ. Энэ хавийнхан ер нь таарамж муутай хүмүүс, хайрцаг савыг болгоомжтой нээх хэрэгтэй "захиа пүрэв гаригийн 12 цагт ирдэг" тэр үед ирвэл шууданчаас шууд асуугаад авчихаж болно гээд, намайг шуудангийн хайрцаггүй л гэж бодсон байх. Би муухан швед хэлээрээ өвгөнтэй үргэлжлүүлээд яривал, хөгшин 70 нас аль дээр давчихсан надтай англи хэлээр ярина гээд ярилаа, дээхнэ үед бритиш англи хэл заадаг байсан гэнэ. Тэрбээр үндэсний телевизийн танин мэдэхүйн сувгийг сайн үз, хэл чинь сайжирна гэж захилаа. Дараа жилийнх нь зун хөгшний хашаа нилээн зэрлэгтээ дарагдсан байлаа. Өвгөн ч яагаад юм орж гараад зав муутай харагдана. Уулзаж жаал жуул ярьж үзвэл байшингийнхаа арын хашааны өвсийг энэ жил авахгүйгээр шийдсэн. Онгон зэрлэгээрээ байвал олон зүйлийн ургамал, шавьж амьдарна гэнэ. Уг нь ч тийм хүн биш дээ. "Газар унасан навч өвсөнд амьсгалах зай олгодоггүй" тийм болохоор түүх хэрэгтэй гээд цэвэрлэж байдаг хүн. Тэгээд байшингийнх нь эргэн тойрныг би янзлахад туслая гээд өвсийг нь хадаж байсан юм. Сарын дараахан надтай тааралдахад сая учрыг хэлэв. Уушигны хорт хавдар туссан, эмнэлэгт хэвтсэн боловч эмчилгээ буруу хийсний улмаас авралгүй болсон гэв. Гэрт нь ороход ширээн дээрээ баахан цаас овоолчихсон, яг л янз бүрийн гэрээн дээр үсэг зурж байгаа юм шиг. Харин доод давхарт нь өвгөн өөртөө зориулж хийж байсан home theater нь дутуу засагдаад орхигдож, кино үзнээ л гэж ярьдаг байсан юм. Тэр өдрөөс хойш 3 сар өнгөрөхөд өвгөнийг дахиж олж харсангүй. Хашааны гэрэл нь асаалттай, хогны хайрцаг нь салхинд цохигдоод унасан. Би хааяа хажуугаар нь өнгөрөхдөө өргөөд тавьчихдаг байсан юм. Дараа жил нь харин танихгүй славян гаралтай хүмүүс засвар хийгээд байж байхад нь өвгөний тухай асууж бурхан болсныг нь мэдэж билээ.

Би тэр буйдхан газар богинохон амьдарсан боловч амьдралын маш олон өнгийг харуулсан дурсамж дүүрэн газар. Блогтоо болсон үйл явдлуудыг мартахаасаа өмнө тэмдэглэж үлдээв. Өөр жижигхэн боловч томхон дурсамжууд бий, сайн санахаараа эргэцүүлж бичье дээ.

No comments:

Post a Comment