Thursday, May 16, 2013

Thursday, May 2, 2013

Бидний Монгол

Хэн хүнгүй л Чингисийн Монгол гэж хэлдэг болж. Найман зууны тэртээ тэнгэрт хальсан хүнийг дуудаад босгоод ирэх юм шиг телевиз, радиогоор үргэлж хэлдэг болж. Бүр 2 сая Чингис нойрноосоо сэрлээ л гэнэ. Үгүйэ эзэн хаан бурхан болсон. Өнөөдөр бид нар л амьдарч байна бидний үе, Чингис хааных биш. Харин бид түүний бүтээсэн шиг түүхийг бүтээх, хийх учиртай. Нэг зүйлийг дурдахад бид дайн хийх шаардлагагүй битгий омогш, оронд нь ухаантай бай.

Дэлхийг эзэлж байсан өвөг дээдэс маань өдгөө бидэнд нэг ч хот, алт эрдэнэс, байгуулсан хөшөө дурсгал үлдээсэнгүй. Гадаадын жуулчид ирээд юм үзэх гэхэд бидэнд байлдан дагууллын түүхээс юу ч байхгүй. Харин довоо шарлуулаад дотор газраа амьдарсаар суухыг хүссэн хятадууд цагаан хэрэм барьчихаж. Тэр нь дэлхийн гайхамшиг гэнэ. Нэг далайгаас нөгөө далай хүртэл эзэлсэн их гүрнээс бидэнд тэгээд газар нутгаас өөр юу ч үлдсэнгүй юу?

Үгүй. Бидэнд сэргэн мандах, уруудан доройтох гашуун сургамжит түүхийг өвлүүлсэн. Дэлхийг байлдан дагуулах хөвгүүнд ямар зан чанар хэрэгтэй вэ гэдэг нууцыг заасан юм. Шударга зан, үнэнч нөхөрлөл, шийдэмгий байдал, итгэл даах, зовлон бэрхшээлийг туулах чадалтай байж гэмээ нь дараагийн удирдагч төрөх юм. Харин өнөөдөр эдгээр зан чанарыг олон хүн хаяж байна. Загасчин хүнд загас барьж өгдөггүй, загас барих аргыг нь заадаг. Бидэнд арга ухааныг нь сургаалиар дамжуулан хайрласан боловч сургаалыг нь дагах хүн байхгүй болсон. Оронд нь хэл хугалам нэртэй Солонгосын түүхт цуврал кино их үзэж байна. Нөгөө хэд нь өвөр зуураа хэрэлдэхээс хэтрэхгүй яасан ч хөөрхийлөлтэй юм. Тиймээс бид энэхүү өв соёлоо авч өөрсдийгөө өөрсдийн үр хойчоо сургаж явахгүй бол бид ирээдүйд хөгжин мандах сэтгэхүйн төлөвшил байхгүй, өнгөрсөн түүхээ гайхан шагших боловч ухаж ойлгохгүй ард иргэд болох нь.