Sunday, September 8, 2013

Нууц

Хүний үг бодол болдог, бодол үйлдэл болдог гэдэг. Тэгэхээр аливаа үйлдлийн үндэс нь бодолд боловсрохоос өөр гарцгүй. Өнөөдрийн бидний хууль тогтоомж нь хүний хийсэн үйлдэл дээр суурилж буруутгадаг. Би "Хулгай хийе" гэж бодож байгаа бол энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш, харин үнэхээр хулгай хийвэл энэ нь гэмт хэрэг болж хувирах юм. Иймээс хүмүүсийн бодлын таамаглах арга нь өнөөдөр идэвхтэйгээр хөгжиж байгаа бололтой.

Интернетийн орчин бидэнд хэдийгээр боломжийг олгодог ч нөгөө талаар сул талыг бас гаргаж ирсээр. Интернетэд бидний үзсэн веб сайт, э-шуудан, гүүгл дээр хайсан хайлт, фэйсбүүкээр хэний профайлыг үзсэн зэрэг бүгд хадгалагдаж байдаг(энд зөвхөн гүүглийн жишээ байна). Хадгалагдсан мэдээллийг тусгай эрх бүхий хүмүүс үзэх боломжтой байдаг нь саяхан илрээд интернетээр шуугиан тарьж байгаа билээ. Түүгээр зогсохгүй цуглуулсан өгөгдөл дээр суурилан миний юу бодож байгаа, юу хийхээр төлөвлөж байгааг ч мэдэх боломжтой. Мөн эдгээр мэдээллийг зарим компаниуд ашгийн зорилгоор, ЗГ-ууд энх тайвны зорилгоор ашиглах нь ч бий.

Дараагийн үзэгдэлд таамаглах арга хуучирсан гэж ойлгож болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бидний бодлыг хаа нэгтээгээс бидний толгойнд суулгахаар оролдох оролдлого юм. Энэ оролдлогыг телевиз, радио, фэйсбүүкээр хийж болно. Үр дүнг нь дээрх "батлагдсан" таамаглах арга-аар шалгана. Жишээ нь: Солонгос дуу, савангийн дууриар тархийг нь угаана, эцэст нь 350.000₮-ний билет өгнө. Ийм үнэтэй билет дөнгөж эхлэл нь болов уу гэж бодож байна.

Бидний интернет дэх үйлдэл, хоорондох харилцаа холбоог нууцлахаар тэмцдэг хүмүүс(нээлттэй эхийн хөгжүүлэгч нар) бас бий. Тэдний хөгжүүлсэн харилцаа холбоог нууцлах Tor хэмээх төсөл нь бидэнд энэхүү боломжийг олгодог гэдэгт би саяхан хүртэл итгэдэг байсан боловч Сновдений дэлгэсэн материалд энэ сүлжээгээр дамжиж байгаа өгөгдлийг тайлах боломжтой гэжээ. 

Дээрх асуудлаас ангижрахыг хүсвэл энд дарж хэрэгтэй програм хангамжуудаа орлуулахыг хичээгээрэй.

Бонус:

Агт нь гаднаа
Аргамж нь дотроо тэр юу вэ? 

Оньсогоны хариу нь гэрийн тооноор нар тусахыг хэлж байгаа юм байна. Энэ оньсогыг таахын тулд зарим онцлог зүйлсийг дурдах нь чухал болов уу.

1-рт. Оньсого математик нууцлалаас ялгаатай нь уран зохиолын шүлэглэсэн, гоо сайхан шинжтэй байна.
2-рт. Оньсогыг тооцоолон бодох компьютер биш зөвхөн хүн тайлж чадна.
3-рт. Зөвхөн хүн тайлж чадна. Тэр дундаа зөвхөн Монгол соёлтой хүн тайлж чадна. Яагаад гэвэл нар гадаа хэвийж байхад гэрийн тооноор нарны цацраг хоймор тойроод тусаж байна гэдэг зүйрлэлийг зөвхөн монгол хүн тайлж чадна.

Мөн Монголчуудын эртнээс нааш хэрэглэсэн давхар утгатай харилцан яриа байдаг. "Монголын Нууц Товчоо"-нд ийм хэсэг бий:

"Ууланд шахан бууя
Адуучинд гэр болтугай
Голоо шахан бууя
Хоньчин хургачинд
Хоол болтугай" гэдэг. Жамуха Тэмүжинтэй нөхөрлөөд хэсэг хугацаа өнгөрсний дараа ингэж хэлдэг. Энэ үгийг Тэмүжин ойлгохгүй Өэлүн, Бөртэгээс асуувал "Жадаран аймаг адуу мал ихтэй, манай Хиад аймаг хонь мал ихтэй тусдаа явъя" гэнэ хэмээн тайлж өгдөг(МНТовчоонд дэлгэрэнгүй биш, Өвөр Монголын "Чингис Хаан" кинонд дэлгэрэнгүй бий). Бидний соёлд энэ мэт юмыг нууцлах, оньсого болгох арга ухаан байсаар байжээ. 

Миний хувьд би гэмт хэрэгтэн биш. Харин хэн нэгний утсан хүүхэлдэй биш өөрийн бодолтой хүн байж бусдыгаа уриалахын тулд бичсэн болно.