Thursday, February 21, 2013

Хэмнэлт

Би цуйванд дуртай, өчигдөр орой өлсөөд байхаар нь яахын аргагүй гуанз ороод цуйван идсэн юм. Хүн багатай надаас өөр хүнгүй гуайнзанд ороод цуйван аваад идэж байх зуур нэг хөгшин ах орж ирж байна. Нэг цүнхтэй, цүнхээрээ дүүрэн дууны үгтэй жижигхэн ном. Тэрийгээ зардаг бололтой гуанзны худалдагч хүүхэн дээр очоод энэ дууны үгтэй ном байгаа юм "та нар дуу сураач ардын дууны, шинэ дуунууд бүгдээрээ байгаа 200 орчим дууны үгтэй" гэнэ. Худалдагч хүүхэн хэд эргүүлж байгаад худалдаж авахаар болов. Үнэ нь 1500₮. Харин би тэр номыг худалдаж авах байсан болов уу? Үгүй. Яагаад гэвэл би xyyp.mn сайтыг мэддэг. Надад дууны үг хэрэгтэй бол тэр сайт дээрээс хайгаад л үзнэ. Тэгэхээр тэр эгч ном авсан харин би аваагүй. Гэхдээ тэр эгчид би хэдэн мянган дууны үгтэй сайт интернетэд байдаг мөнгөө хэмнэ гэж хэлээгүй. Ах номоо зарж л байг, тэр хүний гэр бүл, өөрт нь ч бас мөнгө хэрэгтэй байх. Интернет, програм хангамжийн хөгжил хэдийгээр урагшилж байгаа ч гэсэн энэ мэт мөнгө олж байгаа хүмүүст садаа болж байна, нөгөө талаар бидний мөнгийг хэмнэж байна. Тэр ном хэвлэлтнээс гарахад хичнээн хүний гар дамжиж хэдэн хүнийг тэжээсэн бол?. Тэгээд миний хийсэн програмууд над шиг хичнээн хүний мөнгийг хэмнэсэн бол гэж бодлоо. Ихэнх нь андройд ухаалаг утасны програм. Саяхан гарсан "Утасны дэвтэр" гэдэг програм хагас сарын дотор 6000 орчим хэрэглэгчтэй боллоо, сайнаар бодоход энэ нь 6000 хүнийг 1950 төлбөртэй утас руу залгуулалгүйгээр хэрэгтэй дугаарыг нь олж өгсөн. 6000*500₮ буюу хагас сарын дотор монголчуудын халааснаас 3 сая төгрөг хэмнэжээ. Ийм жижигхэн програм ганц хувь хүнд сайн мэдэгдэхгүй боловч хэрэглэгчтэй харьцуулсан байдлаар бидний халаасыг үргэлж хэмнэж, тус болж байгааг ойлгоорой. Өөр нэг програмыхаа жишээг авъя. Энэ бол "Зурагтын хөтөлбөр" гэдэг ухаалаг утасны програм. Энэ нь 18 сарын турш интернетэд байршиж 10000 орчим хэрэглэгчтэй болсон. Хэрэглэгчийн өсөлтийг шугаман гэж үзээд хамгийн өндөр ашигтай байдлаар нь тооцъё, харин 1 долоо хоногийн хөтөлбөрийн үнийг 1000₮ гэе. Тэгвэл энэ нь 400 орчим сая төгрөг хэмнэжээ! Энэ тооцоо бол хамгийн ашигтай ажилласан үед л ингэж гарна. Бодит байдал энэнээс нэлээн доогуур байгаа байх гэхдээ тийм ч муу биш. Хэрвээ халаасаа хэмнэе, хөгжие гэвэл хүмүүс минь програм зохио тэр л туслана.