Thursday, December 29, 2016

21-р зуун

Агент Смит: Матрицын анхны хувилбарт хүний бүх мөрөөдлийг цуглуулж, тэднийг диваажингийн ертөнцөд амьдруулахыг хичээсэн. Яг үнэндээ тэр бол жинхэнэ там байсан. Харин дараагийн матрицад хүн төрөлхтний хөгжлийн оргил үе, хамгийн бага гэмт хэрэг, дайн тулаантай, өвчин эмгэгийг анагаах чадвартай болсон 21-р зуунд оруулсан.

Багш: Бүх цаг үеийн хамгийн азгүй хүмүүсийг цуглуулж байгаад 80 онд төрүүлчихсэн.

Хүн хэзээ төрөхөө мэддэг байсан бол маш олон Монгол хүмүүс 13-р зууныг сонгох байсан биз. Тэгтэл арай гэж тэр үед төрсөн чинь цэрэгт татагдаад хоёр жил хээрээр гэр хийж хэцээр дэр хийсээр Сартуулын нутагт хүрээд анхны дайндаа ороод үхчихвэл яах уу? Тун тоогүй еээ. Амьд үлдлээ гэж бодоход жанжингууд байлдсаар далай хүрнээ гээд гүрийчихвэл бүр баларсан юм болно :P

За тэр ч яахав. Харин өнөөдөр амьдарч байгаа хүмүүс Сталинградад тулалдсан цэргүүдээс ч илүү зоригтой, нэгдмэл байх хэрэгтэй юм шиг санагдах боллоо. Цаг үе болгон өөр өөрийн асуудалтай байсан, гэхдээ өнөөдрийнх шиг маш эгзэгтэй цаг үе миний бодлоор хүн төрөлхтний түүхэнд тохиолдож байсангүй.

Дэлхийн хэмжээнд бол цаг уур дулаарч байна, хойд мөсөн далай хайлаад дууслаа, байгалийн гамшгийн давтамж нэмэгдлээ. Хүний нөлөөгөөр аль ч галавт устаж үгүй болж байсан төрөл зүйлээс их ан амьтан устлаа. Энэ цаг үед л зогсоохгүй бол дэлхий дээр биднээс өөр амьтан нээрээ үлдэхээ байлаа. Мөн "Цөмийн дайн" ч нээх холгүй байгаа бололтой.

Улсын маань хэмжээнд гүн гүнзгий эдийн засгийн хямрал тохиож, сайн яривал тусгаар тогтнолтой холбогдох хэмжээнд хүрч байна. Тусгаар тогтнолоо буу шийдэм барьж хамгаалдаг үе ард хоцорч. Тэгээд иргэд маань зоригтой, нэгдмэл байхгүй бол энэ байдлаараа явах боломжгүй болж байна даа.

Улаанбаатарын иргэний хувьд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд маш олон хүүхэд багачууд уушигны өвчтэй болж байна. Бидний ирээдүй болсон багачуудаа хамгаалах хэрэгтэй. Дайнд явсан цэрэг эрчүүд үр хүүхэддээ нутаг усаа үлдээхийн төлөө л дайтдаг байх. Үүрэг нь адилхан ч хэрэгжүүлэх зам нь өөр хариуцлагыг бид үүрч байна.

Дүгнэхэд бид шат шатандаа маш эгзэгтэй, эр зориг нэгдмэл байх ёстой цаг үед тулаад ирчихэж. 21-р зууны иргэний үүрэг хариуцлага гэж байдаг бол тэрийг хүн болгонд цээжлүүлэх хэрэгтэй байна. Энэ бол миний амьдрал, би дэлхий дээр ирсэн зочин гэсэн философилог үзэл бодлуудаа хаяж бусдыг, үр хүүхдээ гэсэн сэтгэл нэмэх ёстой болжээ.

No comments:

Post a Comment