Tuesday, December 10, 2013

Бурхантай ярилцсан нь.

Нэг сэрээд харсан чинь би харанхуй өрөөн дунд ганцаараа сууж байх юм. Өрөө нь дундаа гэрэлтэй, харин гэрэлний цаахна нэгэн хөшөө завилсан янзтай сууж байна. Сайтар ажиглавал хөшөө нь шавар хийцийн томхон хэмжээтэй бурхантай их төстэй юм. Суугаа байдал нь бол завилсан баруун хөлөө жоохон урагшаагаа түрсэн. Энэ бол баараггүй миний багаасаа сонсож, харж өссөн бурхан байлаа. Ганц ялгаатай тэр бурхан амьсгалж байв. Би бурханд дөхөж очоод 
(Би) - Сайн байна уу?
Бурхан хариу дуугарсангүй. Дахиад хэллээ, мөн л дуугарсангүй. Бодвол би ёс жаягийг нь зөрчсөн болохоор надтай ихэмсэг бурхан дуугарсангүй. За яахав, нэгэнт бурхантай уулзсан юм чинь би сонин сайхан мэдэхгүй зүйл асууя.
(Би) - Та ингээд л сууж байдаг юм уу?
Мөн л дуугарсангүй.
(Би) - Ингээд л суугаад байхаар уйтгартай биш үү?
Таг чиг.
(Би) - Би ямар хувь тохиолоор таньтай учрах боломж тохиов оо?
Мөн л таг чиг. Миний хэлсэн нэг ч асуултанд хариу хэлсэнгүй. Бурхан дүмбийгээд л. Бодвол би бас л буруу ярьсан байх. Харин энэ удаа би өөрийгөө танилцуулахаар шийдээд
(Би) - Бурхан минь намайг Тулга гэдэг гэлээ.
Нөгөө бурхан тэр үед гэнэт амь орж
(Бурхан) - Тиймээ. 
Тиймээ гэснээс өөр юу ч хэлсэнгүй. Ингэж удсаны эцэст мэндийн зөрөөгүй ганцхан л үг хэлэв. Ямар сонин бурхан бэ.
(Би) - Та миний замыг гэгээрүүлэх болов уу?
Бурхан байдгаараа л. Хариу ч хэлсэнгүй. Өөрийгөө танилцуулахад үг хэлсэн мөртлөө, бурхны ажлыг асуухад бурхан дуугарсан ч үгүй. Яаж ярилцах учраа олж ядан би урд нь бөнжигнөсөөр.
(Би) - Би бурхны эрүү шүүлтэнд орж байгаа юм уу?
(Бурхан) - Тиймээ. Хоёрдох үг нь дахиад л "тиймээ" байв. Би бодлоо бурхны хэлдэг ганцхан үг нь "тиймээ". Тэгэхээр би зөвхөн "тиймээ" л гэж хариулж болох асуулт тавих ёстой байх нь. Хүмүүсийн хийдэг эрүү шүүлтнээс бурхны эрүү шүүлт шал ондоо байдаг байх нь ээ. Бурхнаас дараагийн асуултаа тавив.
(Би) - Би зүүдэлж байна уу?
(Бурхан) - Тиймээ. За тэгэхээр би бурхантай зүүдэндээ уулзсан нэгэн болж таарлаа. Бид хоёрт хангалттай цаг байгаа учраас би бурхнаас асуух асуултуудаа бэлдэн нэг нэгээр нь асууж гарлаа. 
(Би) - Та үргэлж энд байдаг уу?
(Бурхан) - Тиймээ.
Би өөрийгөө магтаж дөвийлгөх дуртай нэгэн учир тэсэлгүй асуучихав.
(Би) - Би өгөөмөр үү?
Хариу алга. Тэгэхээр бурхны эрүү шүүлтээр би өгөөмөр биш.
(Би) - Би шударга хүн үү?
Бас л хариу алга.
(Би) - Би аз жаргалтай юу?
Бүр таг чиг. Бурхан бүр амьсгалахаа больчихов уу яав гэлтэй хөдөлгөөнгүй болчихлоо. Би өгөөмөр биш, шударга биш, аз жаргалтай ч биш нэгэн юм байна.
(Би) - Би багаасаа л сониуч байсан, би тэгээд сургуульд орсон, их сургуульд мэргэжилтэн болсон. Одоо боломжийн ажил хийж байгаа.
(Бурхан) - Тиймээ.
(Би) - Би амьдралдаа сэтгэл хангалуун байгаа.
Юм хэлсэнгүй. Миний сэтгэл хангалуун бус байгааг бурхан нэвт харсан ажээ.
(Би) - Тиймээ, би сэтгэл хангалуун биш байна. Би хүний ачийг хариулж чаддаггүй нүгэлтэн.
(Бурхан) - Тиймээ
(Би) - Би маш олон хүний итгэл дээр амьдарч байгаа. Гэхдээ итгэлийг нь даахгүй байх вий гэхээс үргэлж айж тэдгээр хүмүүсийн итгэлээс холуур явмаар байна. Миний багш нар намайг ихийг бүтээнэ гэж итгэдэг, миний эхнэр намайг амьдралаа аваад явах чадалтай гэдэгт итгэдэг, миний ээж, эгч намайг аз жаргалтай амьдарна гэж итгэдэг.
(Бурхан) - Тиймээ.
(Би) - Би тэдгээр хүмүүсийн төлөө төрөөгүй учир би өөрийнхөө итгэлээр амьдрах ёстой. Миний итгэл бол гээд би өөрийнхөө мөрөөддөг амьдралынхаа талаар хэлэв.
(Бурхан) - Тиймээ
Гэвч бурхны өмнө мөрөөдлөө яриад ямар ч нэмэр байсангүй. Ганцхан "тиймээ" гэж хэлдэг бурхан надад юугаар туслана гэж. Ингэж өөрийнхөө итгэл, мөрөөдлийн тухай ярьж байхад би өөрийнхөө мөрөөдлийг эргэцүүлэн бодов.
(Би) - Би мөрөөдлийнхөө төлөө тууштай яваагүй.
(Бурхан) - Тиймээ
(Би) - Би мөрөөдлийнхөө төлөө тууштай явна.
Бурхан дуугүй болчихов. Бурхан ирээдүйн тухай мэддэггүй юм болов уу? эсвэл би мөрөөдлийнхөө төлөө тууштай явж чадах зориггүй юм уу. Бидний яриа үргэлжлэх тусам би хэр өчүүхэн амьтан болохоо, өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байгаа, бусдын ачийг хариулж чадахгүй байгаагаа мэдэх тусам гутарч бодит байдалтай эвлэрэх болов. Энэ бол яах аргагүй "Бурхны Эрүү Шүүлт". Бурхан чамаас үнэн хаашаа ч нуугдаж чадахгүй юм байна. Ингэж би бурхны өмнө нүглээ наминчлахаар ирсэн учиртайгаа арай ядан ойлголоо. Наминчлах гэдэг нь гэм нүгэл буруугаа хүлээх гэсэн үг билээ. 
(Би) - Би өөрийнхөө аз жаргалын төлөө явж чадна.
Энэ үед бурхан харин "тиймээ" гэж хэллээ. Гэвч "чадна" гэдэг үг хувь тавиланг тодорхойлохгүй, зөвхөн "чадсан" гэдэг үг тодорхойлох боловч бурхны энэ үгэнд надад асар их итгэл найдвар төрүүлсэн юм. "Баярлалаа бурхан минь" гэж хэлсний дараа би гүн нойрноосоо сэрэв. Би бурхантай зүүдэндээ уулзсан байна, бурхан миний дотор байж. Бурхан бол миний дотор оршин байх, миний нүдээр ертөнцийг харагч, миний бодолтой зөвлөлдөн ярилцагч, миний хаашаа ч зайлж чадахгүй ҮНЭН юм байна.

3 comments:

  1. Энэ тэхдээ янзтай сайхан болжээ. Хамгийн сайн зохиолч хамгийн үнэн бичдэг гэсэн. Монголоор л зохиолч гээд орчуулчихсан болохоос, уг нь юм зохиохын нэр огтхон ч биш гэсэн шүү. Догдолж догдолж уншаад, төгсгөлд нэг уртаар санаа алдав.

    ReplyDelete