Monday, April 29, 2013

iOS vs Android

iOS сурч эхлээд хоёр сар гаруй өнгөрлөө. Энэ хугацаанд ямархуу дүгнэлтэнд хүрснээ сонирхуулъя.

Ажиллах зарчмын хувьд хоёр платформ хоорондоо ихээхэн ялгаатай. Хазсан алим нь хийх ажлаа маш сайн хийхийг хичээдэг бол андройд бүгдийг хийхийг хичээдэг. Андройд үйлдлийн систем нь зөвхөн утас биш таблет, зурагт, эмбеддэд системүүд рүү ер нь бүх л төхөөрөмж рүү ажиллахыг чармайдаг. Иймдээ хаана ч ажиллана гэсэн бисексуал жава хэлийг ашигладаг бизээ. Хөгжүүлэлтийн орчин нь болох Eclipse хүртэл линукс, мак, виндовс гурван үйлдлийн систем гурвуулан дээр нь ажилладаг. Гэхдээ ийм универсаль байдал нь эргээд удаан, гацалтын эх үүсвэр болдог гэдгийг дурдах хэрэгтэй. Андройд програмууд нь хоорондоо мессеж шидэх загвараар ажилладаг. Нэг програм нь гүйцэтгэж чадахгүй үйлдэлтэй тулгарвал бусад програмуудаасаа асуудаг. Жишээ нь дуудлага хийх, мессеж бичих, веб үзүүлэх г.м.

Нөгөө талд хазсан алим. Хазсан алимны хөгжүүлэлтийн орчин болох Xcode зөвхөн макинтош үйлдлийн систем дээр сууна. Зөвхөн Xcode дээр iOS хөгжүүлэлт явагдана. Бусад Appcelerator, Phonegap гэх мэт орчин ашиглаж болох боловч эцэстээ Xcode-оор л дамжина. Элдвийн платформ орчин руу хөгжүүлэхийг зорьдоггүй энэ байдал нь зөвхөн энэ орчин дээрээ маш сайн ажиллах боломжийг олгосон. Эмулятор нь хүртэл маш хурдан ажилладаг. Ашиглагдах програмчлалын хэл нь Си хэлэнд объект хандалтат нэмэлт боломж нэвтрүүлсэн Объектив-С хэл юм. Энэ хэл нь янз бүрийн макроны тусламжтайгаар хөгжүүлэлтийг илүү хялбарчилж өгсөн сайн талтай.

Хоёр системийн хувьд андройд нь нээлттэй төхөөрөмжийг бүрэн удирдах боломжийг олгосон, хазсан алим нь хаалттай аюулгүй байдалд илүү суурилсан. Иймдээ ч гүүглийн маркет дээрх аппууд нь шууд борлогдож биш зар сурталчилгаа байрлуулснаараа ашиг олох загвартай байдаг бол хазсан алимны маркет нь шууд борлогдож мөнгө олох нь илүү байдаг. Гүүгл маркетийн хувьд хөгжүүлэгч нар мөнгө бага олдог учир аппын чанар муу байх хандлагатай.

Програм хөгжүүлэх орчны тогтвортой байдлын хувьд iOS харьцангуй тогтвортой. iPhone5-ийг эс тооцвол дэлгэцийн хэмжээ хүртэл нэг хэмжээнд байсан. Харин андройд маш олон төрлийн дэлгэцийн хэмжээ бүхий төхөөрөмж дээр ажилладаг.

Энэ хоёр платформд сайн муу аль аль нь бий. Алийг нь хэрэглэхийг хэрэглэгч өөрөө шийдэх бизээ.

No comments:

Post a Comment