Америк багш Синдереллагийн тухай үлгэрийг зааж байна
Хонх дуугарлаа, оюутнууд гүйлдсээр өрөөнд орж ирэв.
Энэ ангид Синдереллагийн үлгэрийн тухай ярилцах болно. Багш нь нэг оюутныг самбарын өмнө гараад үлгэрийн тухай дүгнэснээ хэл гэв. Оюутан гялс самбарын урд гарч ирэхэд багш түүнд талархаж асуултуудаа тавьж эхэллээ.
Багш: Үлгэрийн аль дүр нь чамд таалагдав бас аль нь таалагдсангүй вэ? Яагаад?
Оюутан: Надад Синдерелла, ханхүү 2 таалагдлаа. Синдереллагийн хойд эх, эгч нар нь харин таалагдсангүй. Синдерелла сайхан сэтгэлтэй, бас хайр булаам хөөрхөн. Түүний хойд эх, эгч нар нь түүнд атаархдаг.
Багш: Хэрвээ шөнө дунд Синдерелла гэртээ хулуун сүйх тэргээрээ амжиж ирээгүй бол юу болох байсан бэ?
Оюутан: Буцаж үйлчлэгчийн муу хувцсаа өмсөх байсаан. Аймшигтай юм болно.
Багш: Тийм болохоор чи юманд яг таг хандаж байх хэрэгтэй, тэгэхгүй бол өөрийгөө л асуудалд унагана. Мөн өөрийгөө үргэлж цэвэрхэн, эвтэйхэн авч явах хэрэгтэй, байнга шалгаж байх хэрэгтэй. Эсвэл найз нөхөд чинь чамаас айх болно. Охидоо та нар бол бүр илүү анхааралтай байх хэрэгтэй. Та нар том болоод болзоонд явах үедээ өөртөө анхааралгүй, гоёогүй байх үед чинь найз хөвгүүн чинь хараад ухаан алдаж магадгүй.(Анги инээв)
Багш: За дараагийн асуулт. Хэрвээ чи Синдереллагийн хойд эх байсан бол түүнийг үдэшлэгт явахыг нь хориглох уу? Үнэнээсээ хариулаарай.
(Хэсэг хугацааны дараа нэг оюутан гараа өргөөд): Тийм, хэрвээ би Синдереллагийн хойд эх байсан бол түүнийг үдэшлэгт явуулахгүй.
Багш: Яагаад?
Оюутан: Учир нь би өөрийнхөө охидуудыг л илүү хайрлаж, тэднийг гүнж болгохыг хүснэ.
Багш: Аанхан. Хойд эх нар чөтгөр шиг дүрээр гарчээ, гэхдээ тэр бусдад хангалттай анхаарал тавьдаггүй боловч өөрийнхөө хүүхдүүдийг маш их хайрладаг. Ойлгосон уу? Хойд эх бол чөтгөр биш, бусдыг өөрийнхөө хүүхэд шиг хайрлаж чадахгүйд л байна.
Багш: Дараагийн асуулт. Синдереллагийн хойд эх түүнийг үдэшлэгт явуулалгүй бүр өрөөнд нь түгжиж орхисон. Харин яаж Синдерелла үдэшлэг рүү явж, тэнд хамгийн үзэсгэлэнтэй нь болж чадсан бэ?
Оюутан: Шидэт эмэг эх нь гарч ирээд Синдереллад тусалж түүнд гайхамшигтай хувцас өгч, хулууг сүйх тэрэг болгож, хулгана нохойг нь туслах болгон хувиргасан
Багш: Зөв байна. Хэрвээ Шидэт эмэг эх нь гарч ирээгүй бол үдэшлэгт очиж чадахгүй байх байсан уу?
Оюутан: Яг тийм.
Багш: Хэрвээ нохой, хулганууд түүнд туслахыг хүсээгүй бол Синдерелла амжиж гэртээ ирэх байсан уу?
Оюутан: Үгүй, хэрвээ тэгсэн бол ханхүүг амжилттай айлгах байсан(анги инээлдэв)
Багш: Синдерелла өөрийн шидэт эмэг эхийнхээ тусламжийг авлаа, гэсэн ч эмэг эхийн тусламж хангалтгүй байжээ. Тиймээс хүүхдүүдээ та нар хаана ч байлаа гэсэн бүгдэнд нь найз хэрэгтэй. Бидний найз нар шидтэн биш байлаа ч бид тэдэнд хэрэгтэй. Би та нарыг маш олон найзтай гэж бодож байна.
Багш: Энэ бодомжийг авч үзье. Синдереллаг түүний хойд эх үдэшлэгт явахыг зөвшөөрөөгүй учраас яваагүй бол ханхүүгийн сүйт бүсгүй болж чадах байсан уу?
Оюутан: Үгүй, энэ тохиолдолд Синдерелла үдэшлэгт очихгүй. Тийм болохоор ханхүү түүнтэй уулзаж чадахгүй бас мэдэх ч үгүй, тэгээд нэг нэгнийгээ хайрлаж чадахгүй.
Багш: Сайн байна. Хэрвээ Синдерелла өөрөө үдэшлэгт яваагүй бөгөөд хойд эх нь түүнийг хориогүй бүр дэмжсэн байлаа ч энэ нь байдлыг өөрчлөхгүй юм. Тэгэхээр хэн түүнийг үдэшлэгт явуулахыг шийдсэн бэ?
Оюутан: Өөрөө
Багш: Тийм болохоор хүүхдүүдээ, Синдереллад өөрийг нь хайрлах ээж байгаагүй, мөн хойд эх нь түүнийг хайрладаггүй байлаа ч тэр өөрийгөө хайрласан байна. Хэрвээ чамд хэн ч боломж олгохгүй байгаа бол өөртөө тэрхүү боломжийг олж нээж өгөх хэрэгтэй. Хэрвээ чи үнэхээр өөрийгөө хайрладаг бол чамд юу хэрэгтэй байгаад олох болно. Тэгэхээр хэн ч Синдереллаг үдэшлэгт оролцохоос нь зогсоож чадаагүй, бас гүнж болохыг нь хориглож чадаагүй тийм үү?
Оюутан: Тийм!!
Багш: Сүүлчийн асуулт. Үлгэрт юу нь логикийн хувьд алдаатай байсан бэ?
(Нэлээн хугацаа өнгөрсний дараа)Оюутан: Шөнө дунд өнгөрөөд бүх зүйл буцаж байсан хэвэндээ хувирч байхад Синдереллагийн шилэн гутал л тэгээгүй.
Багш: Wow, та нар маш ухаалаг байна! Агуу зохиолч хүртэл алдаа гаргадаг юм байна. Тийм болохоор алдаа гаргана гэдгээс айх хэрэггүй. Та нарын хэн нэг нь ирээдүйд зохиолч болбол үүнээс илүү үлгэр бичнэ гэдэгт би итгэлтэй байна.
Хятад багш Синдереллагийн үлгэрийг зааж байна.
Хонх дуугарлаа оюутнууд, багш нар өрөөнд алхсаар орж ирэв
Багш: Сайн байцгаана уу?
Оюутан: Сааааййййн. Тааааа сааааййййн бааааййййнаа ууууууу?(дуудлагаар нь сунгав)
Багш: Өнөөдөр бид Синдереллагийн үлгэрийн тухай ярилцах болно. Бүгдээрээ үргэлжлүүлж уншсан уу?
Оюутан: Үргэлжлүүлнээ? Хэн энэ үлгэрийг мэддэггүй юм.
Багш: Синдереллагийн үлгэрийг Гримм Бродерс бичсэн үү? эсвэл Ханс Андерсен уу? Зохиолч нь хэн бэ? Зохиолч нь хэзээ төрсөн бэ? Зохиолчийн амьдралд ямар ямар чухал зүйлүүд болсон бэ?
Оюутан: ...(шивнэлдэж байна) Энэ бүгдээрээ л номонд байх ёстой доо. Чи энийг уншсан уу?
Багш: Үлгэрийн үндсэн санаа нь юу байсан бэ?
Оюутан: Энэ яг шалгалтанд орж ирнэ.
Багш: За тэгвэл хэдүүлээ эхэлцгээе. Хэн үлгэрийг үйл явдлаар нь хувааж чадах вэ? Яагаад тэгж хувааснаа тайлбарлаад өгөхгүй юу?
Оюутан: Эхлэл тэгээд төгсгөл, дунд нь өрнөл тэгээд болж байгаа байхаа
Багш: Хуваасан хэсгүүд нь маш хурц үйл явдал, үгээр бүтсэн байгаа. Бүгд гэрийн даалгаварт үлгэрийг 5 удаа хуулж бич. Тэгээд цээжээр уншиж өгөөрэй. Дараагийн хичээл дээр шалгана.
Оюутан: Дахиад л цээжлэх юмуу!?
Багш: Бүгдийг нь бишээ хуваасан хэсгээсээ
Оюутан: Бусад хичээлүүд ч гэсэн цээжлэх даалгавар өгсөн...
Багш: За текстэд шинжилгээ хийе, бүгдээрээ анхааралтай байгаарай. Хэн эхний параграфийг унших уу? Бусад нь анхааралтай байж байгаад дүгнэлт хийн параграфт сэдэв бодож байгаарай.
Оюутан: (Уншиж байна)
Багш: Энд бүгдээрээ энэ өгүүлбэр дээр анхаарлаа хандуулаарай. Энэ шууд зүйрлэл үү эсвэл тойруулсан зүйрлэл үү? Яагаад зохиогч үүнийг хэрэглэв?
Оюутан: (N тооны оюутнууд унтаж эхэллээ)
Багш: Бүгдээрээ энэ үгийг ажиглаарай. Хэрвээ бид нар энийг өөр үгээр соливол өмнөх шигээ утга гаргаж чадах уу?
Оюутан: (Өшөө хэдэн оюутнууд унтаж эхлэв)
Багш: Бүгдээрээ анхааралтай. Хэрвээ би энэ хэлцийн байрлалыг үүгээр соливол зүгээр үү? Яагаад болно эсвэл болохгүй гэж?
Оюутан: Би та биш ш дээ, би яаж анзаарах юм бэ? (Өшөө хэд нь унтаж эхлэв)
Багш: Яагаад та нар унтаад байгаан? Та нар мэдэх хэрэгтэй, хэрвээ хичээлдээ анхааралтай байхгүй бол та нар сайн дүн авахгүй. Хэрвээ сайн дүн авахгүй бол их сургуульд орохгүй. ...Та нар амьдралын хуулийг сайн ойлгох хэрэгтэй !!!
http://www.chinasmack.com/stories/teaching-cinderella-fairytale-china-vs-america-differences/, ёоо хятад нь яг монгол. translated by Melug.
No comments:
Post a Comment