Thursday, May 12, 2016

Онлайн сургалт буюу MOOC

Ханиад томуунаас шалтгаалан сурагчдыг хөл хорионд байлгаж телевизээр хичээл зааж, бас ч үгүй вебсайт нээн интернетээр хичээл зааж байсан цаг саяхан. Тухайн үед чанартай онлайн сургалтын материалууд нэвтрүүлэх нь маш чухал бөгөөд үр дүнтэй юм байна гэдгийг бидэнд анх удаагаа мэдрүүлсэн байх. Хөл хорионоос өмнө "Зайн сургалт"-ын талаар байнга л яриа болдог боловч яг хэрэгцээ шаардлага нь амьдралаас урган гараагүй байсан учраас бид нар сайн анзаардаггүй байсан болов уу. Харин өнөөдөр "Зайн сургалт" гэх ойлголт уламжлалт хэв маягаасаа хазайн өөрийн байр суурийг олохоор хөдөлж байна. Миний хувьд ямар нэгэн хичээл заадаггүй учир мэргэжлийн хүний нүдээр бичээгүйг ойлгоно биз ээ.

Зайн сургалт нь түүхэн замналын хувьд 1728 онд анх захидлаараа хичээлийн материалаа дамжуулдаг болсноор эхэлсэн гэдэг юм байна. Харин 1960 онд Иллинойсын их сургууль дотоод сүлжээгээрээ дамжуулан сургалтын материал, лекцийн аудио бичлэгийг түгээснээр компьютерийн тусламжтай зайн сургалт нь нэвтэрчээ. 

Өндөр чанартай дүрс дамжуулах, интерактив сургалтын орчин, шууд онлайнаар харилцах, сүлжээний хурд сайжирсэн зэрэг үзүүлэлтүүд нь "Зайн сургалт"-ыг өөр өндөрлөгт хүргэх боломжийг олгожээ. Гэвч нэг л зүйл болохгүй байсан нь "Зайн сургалт" хэзээ ч коллеж эсвэл их сургуулийн орчинтой зэрэгцэх боломжгүйд байв. Зайн сургалтыг нэвтрүүлэхээр чармайж байсан багш, компаниудын амбиц нь хэтэрхий өндөр байсан учраас өөрсдийн орон зайгаа хайх биш байгаа бүтцийг өөрчилж уламжлалт их сургууль, коллежуудыг орлохоор чармайж байв. Харин өнөөдөр дэлхий даяар онлайн хичээл явуулж байгаа томоохон сургалтын байгууллагууд болох Coursera, Udacity, Edx зэрэг нь их сургуулиудыг орлох биш тэднийг нөхөж ажиллах хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрчээ. 

Харин "Зайн сургалт" их сургуулиудыг харин яаж нөхөж ажиллах вэ?

Бид нар бүгдээрээ мэднэ, юу гэхлээр их сургууль дөнгөж төгссөн хүн ажлын байран дээр ирэхээр юу ч хийхээ мэдэхгүй дор хаяж 2-3 сар дадлагажих шаардлагатай болдог. Мөн ажлын байрны онцлогоос шалтгаалж их сургуульд сурсан зарим мэдлэг огт шаардлагагүй болох бүр цаашилбал шинээр зөвхөн тухайн компанид шаардагдах чадварыг эзэмших хэрэгтэй болдог. Ийм шинэ орчинд шинэ ажилтан компаний дотор бий болсон ямар ч эмх цэгцгүй мэдлэгийг системгүйгээр хүлээж авах нь эргээд маш их цаг шаарддаг. Бодит жишээ дурдвал: Мэдээлэл технологийн чиглэлээр төгссөн шинэхэн боловсон хүчин, алгоритмын талаар сайн мэдлэгтэй, мундаг код бичдэг. Ийм залуу орсон компанидаа зурган дээрээс хогийг таньж ангилдаг програм хийх хэрэгтэй боллоо гэж үзье. 

Нэгдүгээрт. Зурган дээрээс дүрс таних гэдэг бол баргийн шинэковын барж идэх хоол биш. Дор хаяж мастерийн зэрэгтэй мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан хүний хийх ажил. Ийм чадвартай хүн олдох уу?
Хоёрдугаарт. Ажлын байран дээр манай залуугийн чадвар дутна гэдэг бол буруу зүйл огтоос биш. Их сургуульд нь угаасаа заагаагүй, сургалтын програмд нь тусгай сэдвээр хичээл заах боловсон хүчин ч байхгүй, сонирхол ч байхгүй. 

Яг иймэрхүү орон зай өнөөдрийн маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэмд улам томорсоор байгаа нь ҮНЭН юм. Энэ орон зайг бөглөх мэдлэг нь зөвхөн цөөхөн хэдэн нэр хүндтэй сургуулиудад байгаа нь нийгмээ өргөжин тэлэх боломжийг хаасаар байгаа юм. Шалтгаан иймийн учир шинэ цагийн зайн сургалтыг нэвтрүүлэхээр зоригтой, эрч хүчтэй, ажиллаж байгаа институци нь MIT, Washington State, Harvard зэрэг дэлхийд тэргүүлэгч сургуулиуд болоод байна.  

Нэгэнт өөрийн орон зайгаа олсон зайн сургалт нь ерөнхийдөө хоёр арга замаар хүмүүст хүрч байгаа нь ҮНЭТЭЙ эсвэл ҮНЭГҮЙ. 

ҮНЭТЭЙ сургалт нь 
  • Оюутанд тусгайлан дэмжлэг үзүүлэх. Үүнд асуултанд нь илүү түргэн хариулах г.м. 
  • Сертификат олгох
  • Цөөн оюутантай
ҮНЭГҮЙ сургалт нь
  • Дэмжлэг авах боловч тийм их биш. Ихэвчлэн оюутнууд хоорондоо харилцана
  • Сертификат байхгүй
  • Маш олон оюутантай. Зарим хичээл 30000 хүрэх нь энүүхэнд
Энэхүү хоёр төрлийн сургалтанд суусан хүний хувьд нэмж хачирлах зүйл бий. Нэг сонирхолтой зүйл анзаарсан нь ҮНЭГҮЙ сургалтын материал чанарын хувьд ҮНЭТЭЙгээсээ илүү. Маш олон оюутан суралцдаг нь материалыг чанаржуулах орчныг бүрдүүлдэг юм шиг санагдсан. Мөн форумын хувьд үнэгүй нь илүү идэвхтэй, оролцож байгаа оюутнууд нь ёстой дэлхийн өнцөг булан бүрээс баян ядуу ялгалгүй хичээллэнэ. Өөр нэг онцлох зүйл нь гэвэл үнэгүй сургалтын топ оюутнууд нь дээрх мундаг сургуулиудын оюутнуудаас илүү чадвартай болохоо харуулсан явдал юм.

Сонирхолтой баримт дурдвал "Зайн сургалт"-нд суралцаж байгаа оюутнуудын төгсөлтийн хувь 10%-иас доош байдаг. Жишээлбэл Био энергийн хичээлд 12725 оюутан бүртгүүлж ердөө 313 нь төгссөн. Үүний гол шалтгаан нь миний бодлоор хүмүүс хичээл сонгочихоод тэндээс өөрт хэрэгтэй хэсгийг нь аваад үлдснийг нь шууд хаячихдагтай холбоотой болов уу.

Зайн сургалтыг хэрэгжүүлж буй байгууллагуудаас Udacity-г онцолбол их сонирхолтой хандлага ажиглагдана. Уг сургалтын төв нь үнэгүй сургалт явуулахаас гадна "Нано" гэх төлбөртэй мэргэжлийн сургалт явуулдаг. Хэрвээ уг сургалтыг төгсвөл:
  1. Ажилд зуучилж өгөх ба CV хэрхэн бичих тал дээр зөвлөгөө өгнө
  2. Сургалтын зардлын талыг эргүүлэн өгөх
  3. Таван сарын дотор ажилд оруулж өгч чадахгүй бол бүх сургалтын зардлыг эргүүлэн олгох зэрэг нөхцөлтэйгээр хичээлээ заадаг. 

Энэ байгууллага яагаад ийм зоригтой алхмыг хийгээд байна вэ гэвэл эхлээд боловсон хүчний эрэлт нийлүүлэлтийг ажиглах хэрэгтэй. Дээр дурдсанчлан тусгай сэдвээр мэргэшсэн хүчин олддоггүйгээс том корпорациуд боловсон хүчний эрэлд гардаг. Мөн зайн сургалт нь 10 оюутнаас 10000 хүртэл өргөжин ажиллахад хүндрэл гардаггүй зэрэг нөхцлүүдийг бодож үзвэл шинэ хүн бэлдэж ажилд авснаас Udacity-д мөнгө төлөөд төгсөгчдийн мэдээллийг бидэнд зараач гэсэн нь илүү хялбархан юм.

Манай улсын хувьд багш нар янз бүрийн байр сууриа илэрхийлсэн байдаг. Оюутнууд нь сургалтын төлбөрөө бууруулаадхаач гэж байхад зарим нь бүр нэм сайн хичээл заах хэрэгтэй гэцгээдэг. Үнэгүй зүйл чанар муутай хямдхан байдаг гэх хандлага байдаг боловч чанарыг эрхэмлэж байгаа бол гол зорилго мөнгөн дээр биш аль болох олон хэрэглэгчид хүрэх гэсэн зорилго дээр тулгуурлах хэрэгтэй болов уу. Атар талх хэдий хямдхан ч  түүнээс хордлого авсан хүн байдаггүй биз дээ?

Ер нь цаашдаа шинэ ажлын байрны шаардлага хэдэн жил ажилласан, ийм тийм зэрэгтэй гэхээс илүүтэйгээр ийм ийм онлайн курсуудыг үзэж дуусгасан байх шаардлагатай гэх нь илүү хялбар болох биз ээ.